Засгийн газрын 2019 оны 153 дугаар
   тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТАЛААР
БАРИМТЛАХ БОДЛОГО


Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхий нийтэд хотжилт, техник, технологийн хөгжил хурдацтай явагдаж, суурин иргэншил давамгайлан, хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой улс орнууд биеийн тамир, спортыг дэмжих замаар хүний дундаж наслалтыг уртасгах, хүнээ хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна.

Монгол Улсын хүн амын 67 хувь нь хот, суурин газарт амьдарч, 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд 64 хувийг эзэлж байна. Улсын хөгжлийг даган хүн амын амьдралын хэв маяг болон хөдөлмөр эрхлэлт, соёл иргэншилд гарч байгаа өөрчлөлт нь хүний идэвхтэй хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчлөл, эндэгдэл нэмэгдэхэд хүргэж байна.

Бие бялдрын сорилын 2017 оны судалгаагаар өсвөр үеийнхний 80.2 хувь нь тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшингээс доогуур, илүүдэл жин, таргалалтын түвшингээр Ази тивдээ хамгийн өндөр, нийт хүн амын 55 хувь нь илүүдэл жин, таргалалттай  гэсэн дүгнэлт гарсан байна.

Энэ бүхнийг харгалзан биеийн тамир, спортыг олон хувилбартай, сонголт хийх боломжоор ханган хөгжүүлж, хувь хүн, хамт олон, байгууллагын түвшинд хэвшүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 онд Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан боловч хууль, эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байснаас хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан.

Монгол Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Биеийн тамир, спортын тухай  хуулиар төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, клубээр гэрээгээр гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалт тодорхой болж, цаашид бие даасан байдлыг нь дэмжих, спорт дахь допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, дотоодын хяналтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх боломжтой болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар иргэд магадлан итгэмжлэгдсэн спортын клубт хичээллэхэд эрүүл мэндийн даатгалаа ашиглах, биеийн тамирыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог хангаж, хөрөнгө оруулалт оруулахад төрөөс татварын зохих хөнгөлөлт үзүүлж дэмжихээр зохицуулсан байна.

Иймд Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулав.

Бодлого хэрэгжсэнээр биеийн тамир, спортын салбарт төр болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа сайжирч, иргэд биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдах хүрээ нэмэгдэж, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин нөхцөл сайжирч, үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний үндэслэлтэй хийснээр олимп, дэлхийн түвшинд үзүүлэх амжилт нэмэгдэнэ.

Хоёр. Бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэхэд
    баримтлах зарчим

2.1. “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын зорилго нь биеийн тамир, спортыг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг, амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, тамирчдын амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэхэд оршино.

2.2. Бодлогыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

       2.2.1. биеийн тамир, спортыг хүн амын зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох;

       2.2.2. үндэсний шигшээ багийн бүх түвшинд тамирчдын ур чадварыг ахиулах, тив, дэлхий, олимпод өрсөлдөхүйц чадварыг бий болгох спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгох; 

       2.2.3. спортын шинжлэх ухаан болон анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх;

       2.2.4. биеийн тамир, спортын салбарт зохистой түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог сайжруулах, санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох.

2.3. Төрөөс биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

       2.3.1. төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогын үндсэн чиглэл нь хүн амыг идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэн, эрүүл мэндээ дэмжихэд чиглэсэн, оюун ухааны болон бие бялдрын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа байх;

       2.3.2. биеийн тамир, спортын бодлого, арга хэмжээ нь бүх шатны биеийн тамир, спортын байгууллага болон төр, хуулийн этгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаа, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлаар хэрэгжих;

       2.3.3. иргэдэд бие бялдрын боловсрол олгох үйл явц шинжлэх ухааны үндэслэлтэй, тасралтгүй, хүртээмжтэй, залгамж шинжтэй байх;

       2.3.4. биеийн тамир, спортын үйл ажиллагааны санхүүжилтийг хүн амын тоо, нутаг дэвсгэрийн байршил, иргэдийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлт, спортын амжилттай уялдуулан төлөвлөх.

Гурав. Бодлогыг хэрэгжүүлэх үе шат

3.1. Бодлогыг 2019-2027 онд дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:

I үе шат: 2019-2022 онд спортын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан ажил үйлчилгээг хөгжүүлж, магадлан итгэмжлэгдсэн спортын клубээр дамжуулан төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдах хүрээ нэмэгдэж, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин нөхцөл сайжирна.

II үе шат: 2023-2027 онд үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний үндэслэлтэй хийснээр тив, дэлхий, олимпийн түвшинд үзүүлэх амжилт нэмэгдэж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа өргөжин, хүн амын тоо, байршилтай уялдуулан санхжүүлтийн эх үүсвэрийг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Дөрөв. Бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Биеийн тамир, спортыг хүн амын зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох зорилтын хүрээнд:

       4.1.1. биеийн тамирын хичээлийн хөтөлбөр, агуулгыг хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжил, боловсролыг дээшлүүлэхэд чиглүүлэх, биеийн тамирын секц, дугуйланд тогтмол, тасралтгүй хамрагдан хичээллэх орчин, нөхцөлөөр хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулиудыг спортын заал, талбай, хэрэглэлээр хангах, холбогдох стандартыг тогтоож хэрэгжүүлэх;

       4.1.2. биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, хүн амын бүлэг, нас, ажил, амьдралын онцлогт нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх хөтөлбөр хэрэгжүүлэх, орчин бүрдүүлэх;

       4.1.3. стандартад нийцсэн заал, талбай, дэд бүтцийг аймаг, нийслэл, бүсийн хэмжээнд төрөлжүүлэн барьж байгуулах, энэ чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан санал, санаачилгыг дэмжих;

       4.1.4. ахмад настны дунд биеийн тамираар хичээллэх арга хэмжээг тогтмолжуулах, спортын хэрэглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх;

       4.1.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх үйл ажиллагааг бодлогоор дэмжих;

       4.1.6. биеийн тамир, спортын чиглэлд төрийн зарим чиг үүргийг гэрээний дагуу төрийн бус байгууллагад шилжүүлэн ажлын байр бий болгох, бүртгэл, мэдээллийг сайжруулах.

4.2. Үндэсний шигшээ багийн бүх түвшинд тамирчдын ур чадварыг ахиулах, тив, дэлхий, олимпод өрсөлдөхүйц чадварыг бий болгох спортын                  сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд:

       4.2.1. хүүхэд, залуучуудын спортын авьяасыг илрүүлж, шилдэг тамирчдын залгамж халаа бэлтгэх шаталсан тогтолцоог боловсронгуй болгох, сургалт-дасгалжуулалтад дэмжлэг үзүүлэх;

       4.2.2. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг дэмжиж, төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх, спортын клуб, холбоодыг чадавхжуулах;
       4.2.3. спортын цол, зэрэг, урамшуулал олголтыг хариуцлага, ёс зүйтэй уялдуулах талаар холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

       4.2.4. олимп, тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад олгох урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх;

       4.2.5. биеийн тамир, спортын чиглэлээр ажиллаж байгаа ажилтан, арга зүйч, багш, дасгалжуулагчдыг гадаад, дотоодод бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх.

4.3. Спортын шинжлэх ухаан болон анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд:

       4.3.1. биеийн тамир, спортын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд хүргэж, төгсөгчдийн чанарыг дээшлүүлэх;

       4.3.2. биеийн тамир, спортын мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалт, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бий болгох;

       4.3.3. төрийн захиалгаар гүйцэтгүүлэх спортын судалгаа, шинжилгээ, туршилтын ажлын чиглэлийг тодорхойлох, эрдэмтэн судлаач, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог хангах;

       4.3.4. биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчдын мөрдөх стандарт, жишиг хөтөлбөр боловсруулах ажлыг үргэлжлүүлж, хяналтын дэд тогтолцоог бүрдүүлэх;

       4.3.5. спортын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах;

       4.3.6. аймаг, нийслэлд төрөлжсөн сургалттай спортын дунд сургууль байгуулахыг дэмжих;

       4.3.7. допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, хэрэгжүүлэх.

4.4. Биеийн тамир, спортын салбарт зохистой түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог сайжруулах, санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд:

       4.4.1. гадаад, дотоодын болон олон улсын байгууллагын тусламж, дэмжлэг, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг биеийн тамир, спортын орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг сайжруулахад чиглүүлж, төсвийн бус санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

       4.4.2. биеийн тамир, спортод тулгуурласан түншлэлийг өргөжүүлэх, дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх;

       4.4.3. биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаанд хийх      хяналт-шинжилгээ, үнэлгээг боловсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэн, удирдлагын тогтолцоог сайжруулах;

       4.4.4. Спортыг дэмжих сангийн хөрөнгийг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийг дэмжихэд түлхүү зарцуулах;

       4.4.5. спортын клуб, аж ахуйн нэгж, байгууллагыг магадлан итгэмжлэлд хамруулан эрх олгож, эрүүл мэндийн даатгалаар идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ авах иргэдийн тоог нэмэгдүүлэх.

Тав. Бодлогын үр нөлөө, түүнийг үнэлэх шалгуур үзүүлэлт

 

Бодлогын зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин 2019 он

Зорилтот түвшин

2023 он

2027 он

1.

Биеийн тамир, спортыг хүн амын зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох

Нэг хүнд ногдох спортын заалны талбайн хэмжээ  

 м.кв

0.23

0.24

0.25

Нэг хүнд ногдох гадаа спортын талбайн хэмжээ

 м.кв

1.91

1.95

2

Биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдаж байгаа хүн амын (давхардсан) тоо

хувь

43

46

48

Бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдсан иргэдийн А, В үнэлгээтэй хүний тоо

хувь

4.8

5.8

7.0

2.

Үндэсний шигшээ багийн бүх түвшинд тамирчдын ур чадварыг ахиулах, олимп, тив, дэлхийд өрсөлдөхүйц чадварыг бий болгох спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгох

Аймаг, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын тоо

тоо

1786

2093

2400

Залуучуудын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын тоо

тоо

182

227

273

Насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын тоо 

тоо

156

195

234

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан багийн спортын төрлийн тоо

тоо

1

2

4

Үндэсний шигшээ багийн тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан медалийн тоо

тоо

44

52

60

Үндэсний шигшээ багийн тамирчдын тивийн наадмаас авсан медалийн тоо

тоо

63

86

108

Үндэсний шигшээ багийн тамирчдын авсан олимпийн эрхийн тоо

тоо

94

113

133

Үндэсний шигшээ багийн тамирчдын олимпийн наадмаас авсан медалийн тоо

тоо

9

15

22

3.

Спортын шинжлэх ухаан болон анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх

Биеийн тамир, спортын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуульд нэвтрүүлсэн олон улсын сургалтын хөтөлбөрийн тоо

тоо

0

10

64

Төгсөлтийн дараахь сургалтад хамрагдаж,  мэргэжил дээшлүүлсэн (эрх авсан) ажилтны тоо

тоо

0

100

300

Төрийн захиалгаар эрдэм шинжилгээний байгууллагаас хэрэгжүүлсэн судалгааны  ажлын тоо

тоо

3

5

8

4.

Биеийн тамир, спортын салбарт зохистой түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог сайжруулах, санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох

Сумдын биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн орон тооны ажилтны тоо

тоо

0

330

330

Дүүргийн хороодод биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн орон тооны ажилтны тоо

тоо

0

0

147

Төрийн байгууллагын ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэсэн төрийн бус байгууллагын тоо

тоо

62

71

80

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тоо

тоо

0

15

30

Улсын төсвийн санхүүжилтийг газар зүйн байршил, хүн амын тоотой уялдуулж төлөвлөх эрх зүйн орчинг бүрдүүлж, норм, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлсэн байдал

хувь

0

0

100

Зургаа. Бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Бодлогын хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ үнэлгээг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хоёр жил тутамд, хөндлөнгийн үнэлгээг дөрвөн жил тутамд хийж дүнг Засгийн газарт танилцуулна.

6.2. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага нь бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгана.

 


-----о0о-----